Биохимийн шинжилгээний хариуг 12 минутын дотор гаргана

December 18, 2015, 08:40

 

 

 

 

 

 

 

“Хаппи Веритас” лаборатори болон abaxis mongolia компани хамтран биохимийн шинжилгээг 12 минутад хийж, бүх хариуг нь гаргадаг технологийг Монголд нэвтрүүлсэн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Энэ үеэр “Хаппи Веритас” ХХК-ийн менежер Г.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд анх удаа нано технологиор элэгний шинжилгээг хариутай нь гаргах боломжтой болсон талаар сонслоо. Энэ талаар тодруулаач?

-Одоогоор Монгол улсад хийгдэж буй биохимийн болон бусад төрлийн шинжилгээнүүд нь хариу нь удаж гардаг, мөн иргэд өөрийн биеэр заавал лабораторид очиж шинжилгээгээ өгдөг учраас нэн яаралтай хариу шаардлагатай болон гэрээс гарч чадахгүй байгаа иргэдэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. “Хаппи Веритас” лаборатори болон abaxis mongolia компани хамтран энэ шинжилгээнүүдийг 12 минутад бүх хариуг нь гаргадаг технологийг Монголд нэвтрүүлээд байна. АНУ-н НАСА агентлагийн захиалгаар нано технологиор дотрын шинжилгээг маш бага буюу гурван дусал цусаар ердөө 10-15 минутанд багтааж шинжилгээг хийж, хариуг гаргах шинэ үеийн технологийг бүтээсэн байгаа. “Хаппи веритас” оношлогооны төв энэхүү шинэ технологийг оруулж ирснээр иргэд маань манай лабораторид ирж эсвэл гэрээсээ дуудлага өгч шинжилгээгээ хийлгэн, хариугаа тэр дороо авах боломжтой болж байгаа юм.  Мөн залуу үеийнхэн болон дунд насныхны дунд өргөн тархацтай байгаа бэлгийн замын 11 төрлийн өвчнийг нэг дор нэг шинжилгээгээр нарийн тодорхойлох генийн төвшний шинжилгээг анх удаагаа хийж эхэлснийг дуулгахад таатай байна.

-Шилжилгээг “Хаппи Веритас” төв дээр аваад эхэлчихсэн гэж ойлгож болох уу?

-Шилжилгээг одоогоор авч эхлээгүй байна. Шинжилгээг авахад хэрэглэгдэх панелнийхаа захиалгыг өгчихөн байгаа. Тун удахгүй ирэх байх. Тиймээс удахгүй шинжилгээг авч эхэлнэ. Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа гэхэд ирчихнэ гэж тооцож байна.

-Үнэ ханшийн хувьд ямар байх вэ?

-Одоогоор Биохимийн шинжилгээний багцын үнэ ямар хэмжээнд байгаа билээ. Тэр хэмжээнээс үнэ ханшийн хувьд өндөр байлгахгүй байхаар төлөвлөж байна. Лаборатори болгон өөр өөрийн үнээр үйлчилгээ үзүүлдэг. Бидний хувьд тэр үнэнээс илүү гаргахгүй. Жишиг үнийг барина. Хамгийн гол нь энэ төхөөрөмжийн давуу тал нь ердөө 12 минутын дотор л шинжилгээнийхээ хариуг харах боломжтойгоороо онцлогтой.

-Жишиг үнэ нь хэд байдаг юм бэ?

-Яах вэ, элэг цөс, нойр булчирхайнх байна уу түүгээрээ ялгамжтай багц шинжилгээний үнэ байдаг. Энэ нь 7-8 цагийн дараа хариу нь гардаг. Харин энэ шинжилгээний хариу ердөө 10 минутад л гарна. Тиймээс түргэвчилсэн гэдэг утгаараа арай илүү байх нь мэдээж. Гэхдээ өндөр хэмжээний үнэтэй байхгүй.

-Танайхаас өөр энэ технологийг нэвтрүүлсэн байгууллага бий юу?

-Одоогоор манайх л худалдан авч, үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Хамгийн гол нь сорьц тавих панель байдаг юм. Энэ технологийг 1996 оноос хойш өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж эхэлсэн юм билээ. Харин анх АНУын сансар судлалын НАСА агентлаг сансар дахь нисгэгчдийнхээ эрүүл мэндийг хянах зориулалтаар бүтээсэн.

Эмнэлэг.МН Copyright © 2013