Ж.АМАРСАНАА: НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ӨВЧЛӨЛҮҮДИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД РЕСТОРАН, ХООЛНЫ ГАЗРУУДЫН ЦЭСИЙГ ШИНЭЧИЛНЭ

December 8, 2015, 07:24

Жазагийн Амарсанаа's photo.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын цэсэнд өөрчлөлт оруулах санаачилгаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэл үү?

-Нийслэлийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хороонд энэ асуудлыг оруулсан шалтгаан бол Монгол Улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх өвчинтэй холбоотой. Өнөөдөр зүрх судасны өвчин тэр дундаа шигдээс, цус харвалт монголчуудыг хамгийн их үхэлд хүргэж байна. Дараагаар нь хорт хавдар ордог. Тэгэхээр энэ асуудал руугаа чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар яаралтай эхлэх хэрэгтэй юм. Бид ассан галыг унтраах гэж үзээд байдаг. Харин гал юунаас болж тархсанд төдийлөн анхаарал хандуулахгүй явсаар ирлээ. Зүрх судасны өвчин, харвалт маш их залуужиж байна. Шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал. Бидний хоол тэжээлийн бүтэц болон хэмжээ нь буруу байна. Иймд хүн өдөрт хэдий хэмжээний хоол идэх ёстой юм бэ гэдэг мэдлэг бидэнд хэрэгтэй. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоолны газар, ресторануудын цэсийг дахин шинэчилнэ. Таны идэх гэж байгаа хоол хэдэн хувийн калоритой, ямар хэмжээний тослогтой гэдгийг тавьдаг болно гэсэн үг. Мөн тухайн хоолонд агуулагдаж байгаа давсны хэмжээ болоод транс тос орсон эсэхийг ч тавих юм. Тэгэхгүй бол хоолыг идэх гэж байгаа хүн ямар ч мэдээлэлгүй байна шүү дээ. Тэр мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ өгөх нь хоолны газруудын хариуцлага. Аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах нь Засаг захиргааны төв байгууллагын ажил байдаг. Тиймээс хоолны газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар чиглэл өгөх нь зүйтэй. НЗДТГ-аас хоолны газруудад тусгай зөвшөөрөл олгодог байгаа. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэдгээр хоолны газруудад жижигхэн шаардлага тавих нь нүсэр дарамт болохгүй. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засаг даргын захирамжид оруулна. Тэгэхээр үйлчилгээний газрууд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Меню дээрх хоол болгоны ард байгаа илчлэг калори, давсны хэмжээг заасан тоо үнэн эсэхийг үйлчлүүлэгчид яаж мэдэх вэ. Хоолны газрууд ямар аргаар зөв тооцоолол гаргах вэ?

-Нэг таваг цуйван дахь калорийн хэмжээг эрдэмтэд аль хэдийнэ гаргаад тавьчихсан. ШУТИС-ийн хүнсний технологийнхон энэ чиглэлээр хэд хэдэн ном гаргасан байгаа. Тэгэхээр толгой өвдөөд, зардал гараад байх юм үгүй. Үүн дээр загвар хоолны цэс гаргасан.

Дээрээс нь зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо хамгийн өндөр байгаа нь өөх тосны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Ингэхдээ малын гаралтай өөх тос их хэрэглэж байна.

Харин хүний эрүүл мэндэд хэрэгтэй ургамлын тос, оливын тос, цөцгийн тос, загасны тосны хэрэглээ өчүүхэн бага. Транс тос буюу маргаринийг хүмүүс хоолны газруудад асар ихээр идэж байгаагаа мэддэггүй. Хамгийн хямд бөгөөд эрүүл мэндэд маш ноцтой муу нөлөөтэй транс тос хоолны газрууд, хүнс үйлдвэрлэгчид голдуу хэрэглэж байна. Ийм тосыг дахин дахин халааж, хайрсан хуурсан хоол хийхэд өнгө чанараа алддаггүй бас түлэгддэггүй. Тийм болохоор цайны газрууд ихэвчлэн хуушуур хайрахад, хоолоо хуурахад ашигладаг. Ургамлын тосыг ч дахин дахин хэрэглээд байхаар трансждаг

-Транс тосны хэрэглээг хязгаарлахын тулд хоолны газруудад тавих хяналтаа чангатгах ёстой юм биш үү. Үнэндээ цайны газрууд хуушуур чанадаг тосоо солихгүй хэдэн өдөр ашигладгийг нь үйлчлүүлэгчид мэдэх боломжгүй байдаг шүү дээ?

-Иймэрхүү зүйл байгаа учраас хоолны цэсэнд өөрчлөлт оруулах юм. Тиймээс хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана. Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг. Одоо хэрэгжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггүй байна. Одоо үүнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд хүлээгээд суухгүй, ажлаа эхлүүлнэ. Бүх холны газрыг хариуцлагажуулна.

-Сүүлийн үед хүмүүс хооллолтдоо анхаарч, амьдралын хэв маягаа зөв болгох хандлагатай болсон. Тэгвэл нас баралт өндөртэй өвчлөлүүдийн хэдэн хувь нь хоолны зүй бус хэрэглээнээс үүдэж байна вэ?

-Монголчуудын 50-60 хувь нь хэт таргалалттай байна. Энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах гол шалтгаан. Мөн сахарын өвчин арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдчихсэн. Одоогийн бидний өдөр тутамд иддэг хоол энэ хэвээрээ байх юм бол 20 жилийн дараа сахарын өвчнөөр дэлхийд тэргүүлэх орон болж болзошгүй.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар хүнд байдалд байна. Энэ асуудалд салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар бодолтой байгааг тань сонирхмоор байна?

-Монгол Улсын хэмжээнд нэг яам дээр сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй ийм тохиолдол анх удаа гарч байгаа. Тэр нь хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дээр шүү. Энэ нь засаглалын маш том ноцтой байдал руу орж байгааг хэлж байна. Тиймээс нэн түрүүнд засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Манайхан хаа хамаагүй салбарын хүнийг сайдаар тавьчихдаг. Зүй нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийн тулд тухайн салбарыг удирдах сайдын бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж байгааг харгалзан үзээд сонгодог байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар бол хэзээ ч улстөржиж болдоггүй чухал салбар.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Олон жил эрүүл мэндийн салбарт гуйсан мөнгийг нь өгсөөр ирсэн. Энд эмч, сувилагч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ямар ч буруу байхгүй. Зөвхөн эдгээр хүмүүсээ зөв бодлогоор нь чиглүүлж чадахгүй байсаар өдий хүрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Жишээлбэл, юуг нь өөрчилмөөр байгаа юм бэ?

-Өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс салж чадаагүй байна. Нийгэм маань чөлөөт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрүүл мэндийн салбар нөгөө л социализмынхаа үеэр явж байна. Тухайлбал, үр дүнд суурилсан санхүүжилтийг өгч чадахгүй байна. Эмнэлгүүдэд төсөвлөдөг мөнгийг юунд зарцуулахыг нь мэддэггүй, зүгээр л тавиад өгчихдөг. Өрхийн эрүүл мэнд дээр бүр дампуурсан. Өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүн амын тоогоор нь тооцоод үржүүлээд мөнгө өгчихдөг. Уг нь тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл мэндийг яаж сайжруулсан, ямар үр дүн гарав гэхчилэн хийсэн ажлынх нь үр дүн чухал. Гэтэл өрхийн эмнэлгүүд тэдэн хүнд сургалт хийсэн гэсэн тоо үзүүлдэг л дээ. Иймд үр дүнд суурилсан санхүүжилт өгдөг болмоор байгаа юм. Тэрнээс харанхуйгаар мөнгө өгдгөө болих хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбар бол хамгийн их авлигад идэгдсэн. Ялангуяа амаржих газар, гэмтлийн эмнэлгүүд асар ачаалалтай. Таны яриад байгаа үр дүнд суурилсан санхүүжилтийг өгдөг болбол энэ байдал арилах уу?

-Нийслэлийн хэмжээнд хуруу дарам төрөх эмнэлэг байна. Хэт төвлөрүүлчихсэн болохоор үүнтэй холбоотой авлига хээль хахууль, хүндрэлүүд, хүнд суртлууд, чанарын асуудал гарч ирж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалаас орж ирж буй мөнгөний тодорхой хувийг нь төрөлттэй холбоотой зардалд зориулдаг тогтолцоо руу орох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа зардлыг нэг эхэд 130 мянга гэж тооцвол 100 мянгыг нь даатгалын сангаас, бусдыг нь өөрсдөө хариуц гэвэл зөндөө олон хувийн эмнэлэг гарч ирнэ. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Эмч нарын буруу гэхээс илүүтэйгээр чиглүүлэг буруу байгаа юм. Чанар руу чиглэсэн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Одоо бол ямар ч өрсөлдөөн алга. Тиймээс улсын, хувийн гэлтгүй эмнэлгүүдийн санхүүжилтийг шударга болгох хэрэгтэй.

Өнөөдөр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар хичнээн хүнийг зөв, буруу эмчилсэн нь хамаагүй, авдаг цалингаа авч байна. Тиймээс ажлынх нь үр дүнг хянадаг, тайлагнадаг болгоод цалинжуулах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хэмжээнд нэг эмч хэдэн хүнийг эдгээсэн дүн байхгүй. Тэгэхээр энэ салбарт шинээр томилогдох сайд нь эмч болгонд мэдээллийн ил тод байдлыг бий болгоод өгмөөр байгаа юм. Өвчтөнг эмчилснээр нь биш эдгээснээр нь дүгнэх хэрэгтэй. Эмчилснээр нь дүгнээд байхаар манай эмч нар хувийнх, улсынх гэлтгүй аль болох их эмчилгээ бичээд явж байна. Харин эдгээснээр нь эмчлээд эхлэхээр санхүүжилтээ хэмнэнэ. Монголын эрүүл мэндийн салбарыг ил тод болгох хэрэгтэй байгаа юм.

-Яаж?

-Эмч болгон дээр мэдээллийн сан үүсгэе л дээ. Эмчилж байгаа эмчилгээ болон гарсан үр дүн дээр нь тодорхой хэмжээний мэдээлэл оруулдаг байя. Энэ мэдээллийн санг эрүүл мэндийн салбарынх нь дотор ил тод болгоё. Зарим орнууд иймэрхүү мэдээллийн сангаа ард түмэндээ ил тод болгочихсон байдаг. Тухайлбал, энэ эмч тэдэн хүнд олгойн мэс засал хийснээс төд нь амжилттай гэхчилэн жагсаалтыг нь гаргаад тавьдаг. Тэндээс чинь жинхэнэ чанарын өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Ингэснээр эмнэлгүүд дэх хүндрэлүүд багасна. Эхлээд идээ бээр нь гарна. Яваандаа чанартайгаа уялдана.

-Чанартай болохоороо үнэтэй байдаг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн салбарт чанартай болох тусмаа хямдарч эхэлдэг. Яагаад гэвэл чанартай болохоор тусламж үйлчилгээ нь оновчтой болж эхэлдэг. Шаардлагатай гурван шинжилгээ өгөх ёстой байтал манайхан хорь, гучин шинжилгээ хийдэг. Ингээд тэр хүнийг нэг эмээр бүрэн эмчлэх боломжтой байхад болсон болоогүй дархлааны эмчилгээ, эм, тариа, дусал зоодог. За тэгээд сүлжээний эмчилгээ бичиж өгнө. Энэ чинь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байх ёстой хэмжээнээс нь үнэтэй болгоод байна. Харин чанартай зөв эмчлээд эхлэх юм бол оношлогооны зардал багасна. Тэгэхээр тухайн эмч богино хугацаанд аль болох бага зардлаар хүнээ эдгээчихнэ гэж бодно доо. Ийм л тогтолцоо руу явмаар байгаа юм.

-Гурван шатлалын эмнэлэг хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг гэх шүүмжлэл зонхилдог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц ямар байх ёстой юм бол?

-Гурван шатлалын эмнэлгийн эмч нарын хооронд уялдаа холбоо байхгүй нь үнэн. Уг нь энэ гурав холбоотой байх ёстой. Үүнээс болж өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний хүнд суртлууд гараад байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй тусламж үйлчилгээний бүтцийн асуудал манайд дутагдаж байна. Өнөөдөр өвчтөнийг ороод ирэнгүүт дүрс оношлогоо, лабораторийн хэсэг рүү явуулчихдаг. Дараа нь тэр хүн дахин цаг аваад очерлож байж дотрын эмчдээ үзүүлдэг. Ингээд баахан явдал чирэгдэл болж байна. Энэ бол социализмын үеэс байгуулсан тусламж үйлчилгээ болохоор эмч нарт тааруулсан бүтэц. Зөв бүтэц нь өвчтөнд тааруулсан байх ёстой. Өвчтөнд эмч нар нь өөрсдөө ээлжлэн орж ирээд үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байж болно.

-Та Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа дээд удирдлага буюу сайд асан Н.Удвалыг шүүхэд өгсөн. Та хоёр жил тойрон шүүхээр явсны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдвэр гарсан байна лээ. Нэг яам удирдаж байсан хүмүүс ингэж заавал шүүхээр явах шаардлага байсан юм уу?

-Бидний хоорондох хамгийн гол үл ойлголцол бол өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хороон дээр Н.Удвал сайд миний тухай ташаа мэдээлэл ард түмэнд өгснөөс үүдсэн. Тэрбээр намайг 900 ам.долларын үнэтэй элэгний эмийг 1800 ам.доллар болгосон мэтээр гүтгэсэн. Гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар. Харин зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар гэдгийг би эртнээс ярьж байсан. Гэтэл хүмүүст буруу ойлголт өгөх хэмжээний гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгөхөөр нь шүүхэд хандсан. Тухайн үед миний эргэн тойрныхон “Өөрийн тань дарга, сайд шүү дээ заавал шүүхээр явах хэрэг байна уу” гэж байсан. Миний хувьд шууд шүүхэд хандаагүй л дээ. Хоёр сар шахам Н.Удвал сайдыг надаас уучлал гуйчих болов уу гэж хүлээсэн. Харин надаас уучлал гуйгаагүй учраас би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Би залуу, улстөрч хүн. Шүүхийн явц нь удаан байдаг юм байна. Жилийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарч сайд асан Н.Удвал намайг гүтгэсэн гэдгийг тогтоолоо

Эмнэлэг.МН Copyright © 2013